ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 06-р сарын 08, 00:00

Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлийн  чадавхийг сайжруулах зорилготой орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад баруун аймгийн сэтгүүлчдээс бүрдсэн нийт 70 хүн оролцох ёстой боловч одоогийн байдлаар 40 орчим хүн оролцож байгаа юм.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зохион байгуулж буй энэхүү сургалт нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн ба харилцаа имиж бүрдүүлэлт, эрэн сурвалжлага ба ёс зүй, цахим сайт ажиллуулах, олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт зэрэг сэдвүүдээр нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургах тэднийг чадавхжуулах 2 өдрийн сургалт болох юм.

Тодруулбал МСНЭ-ийн хуулийн зөвлөх Г.Балжмаа орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь,  МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга  Цахим сайт ажиллуулах боломжууд ба Гүйцэтгэх удирдлагын төлөвлөлт, “МОНЦАМЭ” агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Б.Чадраа Гэрэл зураг авахад анхаарах зүйл,  “Өдрийн сонин”-ы Компьютер, эх бэлтгэлийн төвийн дарга Я.Баярбаатар Сонин сэтгүүлийн дизайн ба сошиал медиа маркетинг сэдвээр тус тус мэдээлэл хийж харилцан ярилцах ажээ.

 Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар уригдан оролцож аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй ажил бүтээн байгуулалтын талаар болон төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг талаар мэдээлэл хийлээ. 

Мөн үүний дараа МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр үг хэлж  сургалт зохон байгуулах болсон шалтгаан цаашид хийгдэх ажлуудын талаар товч мэдээлэл хийж баруун бүсийн сургалтыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж сургалтын бэлтгэл ажлыг хангах, анги танхим бэлтгэх, зочдыг хүлээн авах зэрэг зохион байгуулалтын ажлыг чанартай, сайн зохион байгуулсан  аймгийн Засаг даргын тамгын газар болон МСНЭ-ийн Баян-Өлгий  аймаг дахь салбар зөвлөлд талархал илэрхийлсэн юм.

Н.Ерлан
2018.06.08