“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ 2018” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 06-р сарын 20, 00:00

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл 2018” аяны нээлтийг өнөөдөр аймгийн Авто тээврийн төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлууд зохион байгуулагдах бөгөөд энэ оны 06 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 01-ний хооронд үргэлжлэх ажээ.

Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Авто тээврийн төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай зам тээврийн осол гарч буй шалтгааны нэг болох замын тэмдэг тэмдэглэгээний талаар онцлон дурдаж, Замын сангаас 46 сая төгрөг гаргаж нийтийн эзэмшлийн гудамж, замуудад замын босоо болон хэвтээ тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих, сэргээх, шинэчлэх, засварлах зэрэг ажлууд хийгдэхээр болсныг дуулгалаа.

Дашрамд хэлэхэд иргэд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохирлыг ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Н.Ерлан
2018.06.20