ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС БҮРЭН ТОНОГТОЙ 10 ШИРХЭГ ЭСГИЙ ГЭР ОЛГОЛОО

2018 оны 07-р сарын 31, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон эрсдэлтэй нөхцөлд байгаа хүмүүст Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бүрэн тоногтой 10 ширхэг эсгий гэр олголоо.

Уг тусламжийг өнөөдөр аймгийн төв талбайгаас хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа хэлэхдээ үерийн гамшгийн нөхцөл байдлыг дээд шатны байгууллагад танилцуулсны үндсэн дээр манай аймагт МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ирж ажилласан. Тэр үед эрсдэлтэй нөхцөлд байгаа гэр нь бүрэн нурсан, өрх толгойлсон, нялх хүүхэдтэй айлуудын судалгааг авч 20 ширхэг гэр олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр уг шийдвэрийн дагуу бидэнд явуулсан эхний 10 гэрийг хүлээлгэн өгч байна. Цаашид үлдсэн 10 гэрийг явуулахаар болсон гэв.

Одоогоор гэр нь бүрэн нурсан 110, цаашид амьдрах боломжгүй болсон 154 нийт 264 өрх орон гэргүй болсон ба үүнээс 93 нь эсгий гэрээр хангагдаад байна.

Н.Ерлан

2018.07.30