ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИН БАРУУН АЙМГУУДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2018 оны 08-р сарын 06, 00:00

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин энэ сарын 3-аас 5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ өдрүүдэд өнгөрсөн сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий сумын нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцаж сэргээн босголтын ажилд зориулан 20 мянган доллар хандивласан юм.

Мөн үүний дараа баруун аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай орон нутгийн найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх зорилгоор бүсийн уулзалт хийв.

Уулзалтад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын дарга Б. Ганболд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Завхан аймгийг төлөөлж ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар тус тус оролцлоо.

Уулзалтын эхэнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, үерийн гамшигт өртсөн Өлгий сумын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн орон нутгийн найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор баруун аймгуудын удирдлагуудтай уулзалт хийж байгаа явдалд талархал илэрхийлэв.

Дараагаар нь Элчин сайд Син Хаймин уг уулзалтад оролцож байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлж, тус улсын  зүгээс баримталж буй бодлого, “Нэг бүс Нэг зам” санаачилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үр дүнд Тайкешкен боомт дахь орж, гарахад тулгамдсан зарим асуудлыг холбогдох газарт албан бичгээр хандаж шийдвэрлүүлэхээр болсон ба Монгол Улсын баруун аймгуудын болон Хятадын Шинжан-Уйгарын өөртөө засах орон, Өвөр Монголын өөртөө засах орны хоорондох харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцов.

Н.Ерлан

2018.08.06