АПУ ХК 25 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2018 оны 08-р сарын 09, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас Өлгий сумын үерийн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор гадаад дотоодын байгууллагуудад албан бичгээр хандаж хандив цуглуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-ны хамт олноос Өлгий сумын үерийн гамшигт өртөж хохирсон иргэдэд зориулан 25 сая төгрөгийн хандив өргөж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас нээсэн хандивын дансанд шилжүүлсэн байна.

Тэрээр өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан нар хандив өргөсөн АПУ ХК-ны хамт олонд Баян-Өлгий аймгийн нийт иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт талархлын бичгийг гардууллаа.

Мөн байгальд шингэ­дэггүй хог хаягдлын нэг болох ил задгай хаясан архи, пивоны шилийг татан авч дахин ашиглах талаас нь санал солилцсон байна.

Дашрамд хэлэхэд гамшгийн эрсдэлийг хамт үүрч сэргээн босголтын ажилд зориулан хандив өргөсөн Ц.Эрдэнэбилэг захиралтай АПУ ХК-ны хамт олондоо болон хандив цуглуулах ажлыг зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн харьяат тус компаны хүний нөөцийн ахлах ажилтан А.Нурланд нийт Өлгийчүүдийн нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье!!!

Н.Ерлан

2018.08.08