МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018 оны 08-р сарын 10, 00:00

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тодруулбал: Өнгөрсөн сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий сумд болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын хамт ажилласан юм.

Тэрээр өнөө өглөө аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гамшгийн дараах сэргээн босголтын ажлуудын талаар болон орон нутгаас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоор шийдвэрлүүлэх саналыг сонслоо.
Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан "Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байгааг танилцууллаа.
Мөн Засгийн газрын болон олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 97 өрх орон байртай болж, үерт өртсөн иргэдэд Өлгий сумын 10 дугаар баг Кувейт хотхоны хажуу талаас өрхийн хэрэгцээнд зориулан 15 га газрыг шинээр олгосныг дуулгалаа.
 
Үүний дараа гамшгийн үеэр гарсан 762 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, шинээр суурьшсан айлуудад худаг гаргах, цахилгааны шугам татах, Өлгий сумд далан барихад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжлав.
Харин Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газраас болон бусад олон улсын байгууллагуудаас өгсөн тусламжуудыг жинхэнэ эзэнд нь хүргэж, хэнд, яаж хүргэсэн талаар ил тод мэдээлж байх, зарим гамшгийн үеэр гарсан зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжилтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй /үнс, шавар/ чанаргүй материалаар байшин барихгүй байхыг иргэдэд ойлгуулах, иргэдэд орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн үерийн усанд өртөх эрсдэлтэй айлуудыг өөр газарт нүүлгэн шилжүүлж тухай нутаг дэвсгэрт ногоон байгууламж бий болгох талаар анхаарч ажиллахыг санууллаа.
 
Дараагаар нь үерт автсан багуудаар явж, үерт нэрвэгдсэн иргэд, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжилтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон 10 гэрийг хүлээлгэн өглөө.
 
Н.Ерлан
2018.08.09