ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДИЙН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД ЦАХИЛГААН ТАТАХ, ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХ ХӨРӨНГӨ ШИЙДЭГДЛЭЭ

2018 оны 08-р сарын 10, 00:00

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн айлуудад 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулбал: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу Өлгий сумын 2,3,12,13 багуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, эзэмшил газар нь бохирдсон иргэдийн шинэ суурьшлын бүсэд цахилгаан татахад 31 сая төгрөг, цэвэр усны 2 гүний худаг гаргахад 24 сая төгрөг, орон гэргүй болсон 10 өрхөд гэр олгоход 25 сая нийт 80 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болж өнөөдөр аймгийн Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Онцолж хэлэхэд үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, эзэмшил газар нь бохирдсон 250 өрхөд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Кувейт хотхоны хажуу талаас 15 га газар шинээр олгосон ба одоогоор 48 айл тус газарт ЗГ-аас олгосон гэрээ барьж амьдарч байна.

Н.Ерлан
2018.08.10