МОБИКОМ КОРПОРАЦИ ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД 90 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018 оны 08-р сарын 16, 00:00

Мобиком корпорацын зүгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртөж их хэмжээний хохирол амссан 530 гаруй айл өрхөд 30 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөхийн зэрэгцээ харилцаа холбооны үйлчилгээндээ 56.926 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Тодруулбал: Өнөөдөр Мобиком корпорацын УЗ-өөс төлөөлөл ирж Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтаар Мобиком корпорацын ерөнхий захирал Тацуяа Хамадагийн илгээсэн албан захидалыг танилцууллаа. Эл албан захидалд үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэлийн дэм болгон 30 сая төгрөгийг аймгийн ЗДТГ-аас нээсэн дансанд шилжүүлэхээр болсон тухай болон аймгийн төвийн Мобикомын хэрэглэгчдэд 56.926 сая төгрөгийн буюу дараа төлбөрт хэрэглэгчдийг 9 -р сарын төлбөрөөс 2,000₮-ийн хөнгөлөлт үзүүлж, Урьдчилсан төлбөрт болон Хосолсон төлбөрт хэрэглэгчдийнхээ дансыг 2,000 нэгжээр цэнэглэх болсныг тус тус дурджээ.

Онцолж хэлэхэд Мобиком Корпораци нь 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийн үеэр мөн 33.5 сая төгрөгийг хандивлаж байсан бөгөөд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн Монгол орныхоо аймаг сумдад тухай бүрд нь мөнгөн болон эд материалын тусламжуудыг хүргэсээр ирсэн байгууллагуудын нэг юм.

Ийнхүү гамшгийн эрсдэлийг хамт үүрч сэргээн босголтын ажилд зориулан хандив өргөж, дэмжлэг үзүүлсэн МОБИКОМ КОРПОРАЦЫН удирдлага, хамт олондоо Өлгийчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Н.Ерлан

2018.08.15