ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА АЙМАГ, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2018 оны 09-р сарын 05, 00:00

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар өчигдөр цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ.

Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхааруулж, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө.
 
МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлэхдээ: Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал. Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай шударга нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл сайжирна.
 
Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагын түвшинг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.
 
Түүнчлэн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгавар, 258 тогтоолын хэрэгжилтийн талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-ны хооронд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгавар, 258 тогтоолын хэрэгжилт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж үер усны гамшгийн дараах хойшлуулшгүй сэргээн босголтын буюу цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийн ажилд гаргасан зардлыг болон тусгай хамгаалалттай газар нутагт мал отрлуулах асуудлыг тус тус шийдвэрлэж өгөхийг хүслээ.
 
Н.Ерлан
2018.09.05