ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 500 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 300 ГАРУЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЖЭЭ

2018 оны 09-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Намрын ногоон өдрүүд-2018" үзэсгэлэн худалдааг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.Тус арга хэмжээнд аймгийн 13 сумаас 100 гаруй малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, гар урлалын бүтээгдэхүүн болон сүү, цагаан идээгээ сурталчлан танилцуулж борлуулалт хийсэн юм.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд иргэд, аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ олноор танилцуулснаараа онцлогтой боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж, үйлдвэрлэгчдийг бодлогоороо дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 500 сая төгрөг зарцуулж, 300 гаруй хүнийг ажлын байртай болгосныг онцоллоо.
Түүнчлэн өмнөх жилүүдэд аймгийн төмс, хүнсний ногооны 40 орчим хувийг дотооддоо хангадаг байсан бол үүнийг бодлогоороо дэмжин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрийг эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж 65 хувийг дотооддоо хангах боломжийг бүрдүүлээд байгааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээлтийн ажиллагааны үеэр тус тус онцлон хэллээ.
 
Н.Ерлан
2018.09.10