“ҮНДЭСНИЙ БОЛОН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” БҮСИЙН СУРГАЛТ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 09-р сарын 11, 00:00

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банк хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг танилцуулах, Жендэрт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхижуулах баруун бүсийн сургалтыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төрийн сан, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөллүүд болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд оролцож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлаар танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн Хөгжлийн Банкны Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон нар удирдан зохион байгуулав.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, жендэрийн салбар хорооны дарга А.Гылымхан оролцож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын явц эрчимтэй явагдаж байгаа талаар дурдаж, 100 сая төгрөгөөр хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр баригдаж энэ жил ашиглалтанд орох болсныг онцоллоо.

 
Н.Ерлан
2018.09.10