ДААТГУУЛАГЧДАД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 09-р сарын 14, 00:00

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хамтран ажилладаг орон нутгийн байгууллагуудын баруун бүсийн сургалт”-ыг энэ сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой уг сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн хамрагдлаа.Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ТХХэлтсийн дарга Б.Алтанзул, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Засаг дарга нар оролцож хүндэтгэлийн үг хэлж, сургалтын үйл ажиллагаанаас амжилт хүссэн юм. Сургалтын хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох дүрэм, журам, Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, нэр төрөл, эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт болон журам, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэлийг хянан баталгаажуулах журам, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах арга, хэлбэр, Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэл, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, цахим системийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал солилцов.Энэхүү сургалтын үр дүнд орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон харилцагч байгууллагуудын ажлын уялдаа холбоо өргөжиж, ажилтнуудын ур чадвар, мэдлэг дээшилж, иргэд, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой болохыг зохион байгуулагч албаны зүгээс онцоллоо.

Н.Ерлан
2018.09.14