ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ФИЛИПП ИИВЭРТ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2018 оны 09-р сарын 14, 00:00

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага нь аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнтэй танилцах зорилгоор Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт болон ДЗОУБ-ын үйл ажиллагааны захирал Г.Энхзул нарыг хүлээн авч уулзаж, орон нутагт хийгдсэн ажил хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, орон нутгийн салбар тус бүрийн хөгжилд Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг болохыг онцолж, Өлгий сумын 2,3,12,13 дугаар багуудын үерийн гамшигт өртсөн иргэдэд гамшгийн цагийн байдал үүссэн тухайн үед удаа дараа тусламж үзүүлсэн явдалд талархал илэрхийлэв.

Мөн үерийн гамшигт өртсөн иргэдийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж шинэ суурьшлын бүсэд хүүхдийн цэцэрлэг барьж өгөх талаар анхаарч, хамтран ажиллахыг уламжиллаа.

Харин Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт
үерт нэрвэгдэж хичээлээсээ хоцорсон хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, гэр цэцэрлэгтэй болгох зэрэг асуудлуудыг судлан үзэж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Н.Ерлан

2018.09.15