АЛТАЙ СУМЫН УЛААН ХАД БАГИЙН БАГА СУРГУУЛИЙГ ШИНЭЭР БАРИНА

2018 оны 09-р сарын 28, 00:00

Сумын төвөөс алслагдсан багуудад амьдардаг малчин айлын хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, тэдгээрийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор Алтай сумын Улаан хад багийн бага сургуулийг дотуур байртайгаа хамт Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-тай хамтран шинээр барихаар боллоо.

Тодруулбал: Өнөөдөр Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли Монгол улс дахь төлөөлөгч н.Лхагвачулуунтай хамт аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар тус аймагт урьд өмнө хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын талаар санал солилцож, аймгийн удирдлагуудын санал болгосны дагуу Алтай сумын Улаан хад багийн бага сургуулийн барилгыг дотуур байртайгаа хамт хамтарсан хөрөнгө оруулалт хийх замаар шинээр барих тохиролцоонд хүрч, ирэх оны 4 дүгээр сараас эхлэн барилгын ажлаа эхлүүлэхээр болов.

Үүнээс гадна ноён Маттёо Бэллинэлли уулзалтын үеэр Улаанхус сумын Хөххөтөл багийн ЕБСургуулийн захирлын албан тушаалыг он удаан жил үр бүтээлтэй хашиж байсан өндөр настан Р.Атимхан гуайн санаачилгыг дэмжиж тус багт байгаль орчноо хамгаалах төсөл хэрэгжүүлэн гудамж талбайг зориулалтын хогийн цэгтэй болгохоо илэрхийллээ.

Онцолж хэлэхэд Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын санхүүжилтээр өнгөрсөн жил Улаанхус сумын Хөххөтөл багт 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр ашиглалтанд орсон юм.

Н.Ерлан
2018.09.28