АЙМГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧААР “ТАВАН БОГД” БҮЛГИЙН СУРАГЧИД ТОДОРЛОО

2018 оны 09-р сарын 29, 00:00

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан Загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгууллаа.Уг тэмцээнд 13 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 17 баг , 120 сурагч оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Таван богд” өсвөрийн аврагч бүлэг нэгдүгээр байр, Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн “Ирвэс” өсвөрийн бүлэг хоёрдугаар байр, Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн “Шонхор” өсвөрийн аврагч бүлэг гуравдугаар байрт шалгарсан бол тусгай байрт “Бастама” сургуулийн “Долоон од “ өсвөрийн бүлэг тус тус шалгарчээ.Энэхүү тэмцээний эхний 3 байрт шалгарсан баг тамирчид 10 дугаар сард зохион байгуулагдах бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, баг тамирчдын шагналыг гардуулж баяр хүргэсэн юм. Мөн дараа дараагийн тэмцээнд уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.Дашрамд хэлэхэд тус арга хэмжээг зохион байгуулахад аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан Загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар ихээхэн ач холбогдол өгч эд материалын тусламж үзүүлсэн байна.

Н.Ерлан

2018.09.29