НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДОТОРХ ЭД ХОГШЛЫГ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ОЛГОЛОО

2018 оны 10-р сарын 29, 00:00

Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, мөн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар хуульчилсан байдаг.

Энэ дагуу Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит V хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв барих хөрөнгийг шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан юм.

Уг V хуралдааны шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний 340 анги 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхар барилгын ажлыг гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд дуусган, түлхүүр гардуулах үйл ажиллагааг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, “Барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ”-г хүлээлгэн өгсөн ба доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас шийдвэрлэж өгөхөө тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара өнгөрсөн хоёрдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ мэдэгдсэн билээ.Тэрээр өнөөдөр Нэг цэгийн үйлчилгээний албан ёсны нээлтээ хийж, НҮБ-ын Хүн амын сангаас тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч Наоми Китахара, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, Үндэсний статистикийн хорооны дарга, Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны Зөвлөлдөх хорооны дарга А.Ариунзаяа, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн Ерөнхий прокурор Т.Батсүх, ЗХ-ний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батхүү, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нар оролцлоо.

Онцолж хэлэхэд НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төвийн байрны засварт 10 сая, тавилга тоног төхөөрөмж зэрэг бусад шаардлагатай зүйлсийн худалдан авалтанд зориулж 71,4 сая нийт 81,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 
 
 
Н.Ерлан
2018.10.29