БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАЛТАНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 10-р сарын 25, 02:00

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах тухай 105 тоот тушаалаар Баян-Өлгий аймагт энэ оны 07 дугаар сард тохиолдсон үерийн гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн ашиглалтыг газар дээр нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зарцуулалтанд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, уг тушаалын хэрэгжилтийг хангаж 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор илтгэн танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд даалгасан юм.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг, гишүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, ХХААХҮЯ-ны Худалдаа нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Халдварт өвчин судлалын төвийн захирал Д.Нямхүү, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, БНКУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх Ж.Орынбай, Монгол-Казахстаны найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн А.Бакей нарыг болон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогтбаярыг тус тус оруулсан байна.

Тэрээр өнөөдөр уг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдаж Казахстан Улсын Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн 500 мянган ам.долларын 400 мянган ам.долларыг Баян-Өлгий аймагт үлдсэн 100 мянган ам.долларыг бусад үерийн гамшигт өртсөн аймгуудад олгохоор тогтжээ.

Онцолж хэлэхэд Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор 500 мянган америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаж, Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан өнгөрсөн пүрэв гарагт Монгол улсын Шадар сайдад хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин энэ хөрөнгийг үерийн улмаас хуримтлагдсан лагийг цэвэрлэх, ариутгах, иргэдийг орон гэртэй болгох зэрэг нэн шаардлагатай зүйлд хяналттай, ил тод байдлаар зарцуулна гэдгээ илэрхийлсэн.