“МАННА ХӨГЖИЛ” ТББ-ААС ҮЕРИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН 10 ӨРХӨД ИЖ БҮРЭН ТАВИЛГАТАЙ 10 ГЭР ОЛГОЛОО

2018 оны 10-р сарын 08, 00:00

Өнөөдөр “Манна хөгжил” ТББ-аас Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн 35 өрхөд тусламж үзүүллээ.

Энэ оны 8 дугаар сард “Манна хөгжил” ТББ-ын тэргүүн С.Чимгээ Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны зүгээс Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн нөхцөл байдал, учирсан хохирлыг танилцуулж, сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавьсан юм.

Уг аймгийн ИТХ-ын даргын хүсэлтийн дагуу өнөөдөр 10 өрхөд иж бүрэн тоногтой, 2 ортой, авдар, сандал ширээтэй эсгий гэр, 25 өрхөд эд материалын тусламжийг хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Өлгий сумын 3 дугаар багийн Засаг дарга Х.Космос, “Манна хөгжил” ТББ-ын тэргүүн С.Чимгээ болон тус байгууллагын төсөл хөтөлбөрийн зөвлөх АНУ-ын иргэн Бриан Болл нар оролцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар “Манна хөгжил” ТББ-ын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэн талархлын бичиг гардуулж “Манна хөгжил” ТББ-ын төсөл хөтөлбөрийн зөвлөх АНУ-ын иргэн Бриан Болл-ыг аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Дашрамд хэлэхэд Манна хөгжил” ТББ нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд малчдад зориулсан малжуулах, худаг гаргах, гамшгийн үед тусламж үзүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг хүмүүнлэгийн байгууллагуудын нэг юм