“БҮРГЭДИЙН БАЯР” 11 ДЭХЬ ЖИЛДЭЭ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 03-р сарын 04, 03:15

Өвлийн аялал жуулчлалыг улсын хэмжээнд хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар Хотын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын бүргэдчдийн холбоо, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хот “Чингисийн Хүрээ” жуулчны баазад 11 дэхь жилдээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 21 бүргэдчин оролцож бүргэдээр ан хийх, көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг гадаад дотоодоос ирсэн 8000 гаруй жуулчдад сонирхууллаа.

Баярын нээлтийн ажиллагааг хийж үг хэлсэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, "Баян-Өлгийчүүд "Бүргэдийн баяр"-ыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монголын төр засаг дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас аялал жуулчлалын шилдэг арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа" хэмээн онцолж, БОАЖЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг болон “Жуух бичиг”-ээр шагнагдсан бүргэдчдийн шагналыг гардууллаа.


Энэхүү Казахын ард түмний үндэсний онцлогийг харуулсан Бүргэдийн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Казахстан, Турк, Беларусь зэрэг улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдууд, мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөллүүд оролцсон юм.