АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018 оны 11-р сарын 14, 00:00

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 8-11-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын 2017, 2018 оны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрэм, журам, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хяналт-үнэлгээ хийв.

Мөн Төрийн байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчдад зориулан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын чиглүүлэгчээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир ажилласан бөгөөд Авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын үйлчилгээний нийтлэг зөрчил, авлигын өнөөгийн нөхцөл байдал, зөрчил дутагдал, сайн туршлагын тухай мэдээлэл хийж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, АИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар тус аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх "Авлигагүй аймаг" дэд хөтөлбөр батлуулсан явдлыг сайшаан тэмдэглэн, цаашид хэрэгжилтэнд анхаарч ажиллахыг санууллаа.

Сургалтад аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөллөөс нийт 300-aaд орчим ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Түүнчлэн АТГ-ын орон нутаг дахь Авлигаас урьдчилан сэргийлэх хяналтын зөвлөлийн гурван гишүүнд үнэмлэх гардууллаа.

Н.Ерлан
2018.11.14