ХҮҮХДИЙН ЭРХ-ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018 оны 11-р сарын 23, 00:00

Норвегийн тусламжийн байгууллагаас сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн болон байрны багш, ажилчидын орчин нөхцөлийг дээшлүүлэх хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдийн Эрх- Хөгжил 2” төслийг 5 жилийн хугацаатай Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжүүлж, төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хурлыг хийлээ.

Тодруулбал: Норвегийн тусламжийн байгууллагаас “Хүүхдийн Эрх–Хөгжил2” төслийг 2014-2018 онд тус аймгийн нийт дотуур байртай төрийн өмчит ЕБС-ийн дотуур байранд хэрэгжүүлэн хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хөгжил оролцооны чиглэлээр сургалт зохион байгуулж, 42 дотуур байранд хүүхэд хөгжлийн танхим тохижуулан байгуулахад дэмжлэг үзүүлж 84 сая төгрөгийн ном, тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнээр хангажээ.

Мөн дотуур байр бүрт анхны тусламжийн багц бүрдүүлэхэд 9 сая төгрөгийн материалын дэмжлэг, 3 загвар дотуур байранд нийт 24 сая орчим төгрөгийн материаллаг хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн байна.

Төслийн үр дүнд дотуур байранд амьдарч буй хүүхдүүд болон багш, ажилтнуудын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг хандлага дээшлэн, материаллаг болон үйлчилгээний нөхцөл байдал сайжирсан ба эцэг эхчүүдийн дотуур байрны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, оролцоо нэмэгдсэн гэдгийг төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хуралд оролцсон сургуулийн удирдлагууд, дотуур байрны багш нар онцолж байлаа.

Тус үнэлгээний тайлангийн хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож,, Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгээр 2008-2017 онуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байсныг онцлон, Хүүхдийн Эрх-Хөгжил төслийн эцсийн үнэлгээний тайлангийн хуралд амжилт хүсэж, цаашид тус аймагт хэрэгжиж буй ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ДЭМЖИХ төслийг хамтран хэрэгжүүлэх болно гэдгийг илэрхийллээ.

Н.Ерлан

2018.11.23