АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ "АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР" ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2018 оны 11-р сарын 23, 00:00

Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд олон шатлалт зээлийн шугамаар хэрэгжүүлэхээр болж, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Баян-өлгий аймагт ажиллаж байна. Төслийн багийнханыг өчигдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт хийв. Уулзалтаар аймгийн Засаг дарга А.Гылымхан орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тодорхой саналуудыг уламжлав.

Азийн хөгжлийн банкны “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг нь 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран “Хот байгуулалт, дэд бүтэц, орон сууц, байгаль орчны салбар”, “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, төсөв санхүүгийн салбар”, “Хөдөөгийн хөгжил” уулзалт, “Бизнесийн хөгжил” уулзалт гэсэн 4 чиглэлээр салбар уулзалтуудыг зохион байгуулах аж.

 
Н.Ерлан
2018.11.23