“ХАЛАЛ” АРГААР МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018 оны 11-р сарын 28, 00:00

Өчигдөр "Азат" ХХК-ны Халал аргаар мах боловсруулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо.

Тус компанийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Бердимурат 1996 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлж, улмаар 2016 оноос эхлэн Өлгий сумын 13 дугаар багт мах боловсруулах үйлдвэр барьж, сүүлийн үеийн зориулалтын тоног төхөөрөмж оруулж ирэн мал нядалж, мах бэлтгэн дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаад улс руу экспортлож эхэлжээ.

Үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад өндөр үнэлэгдээд байгаа "ХАЛАЛ" мах боловсруулж, хаягдал болж байгаа малын дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байгаагаараа онцлогтой юм.

Мөн хүчин чадлын хувьд өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна.

Үйлдвэр нь одоогоор 60 гаруй ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм.

Н.Ерлан
2018.11.28