ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

2018 оны 11-р сарын 28, 00:00

Нутгийн захиргааны байгуулагуудын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн 36 иргэн өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримталж Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэ удаа аймаг, сумын ЗДТГ болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, Нийгэм даатгал, Байгаль орчин зэрэг төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албанд ажиллахаар шалгалт өгч тэнцсэн хүмүүс тангараг өргөсөн байна.

Улс тунхагласаны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож тангараг өргөсөн төрийн албан хаагчдад хандан төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журам, хэм хэмжээг нарийн баримталж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг хүсэж, баяр хүргэв.

Н.Ерлан
2018.11.28