973 ӨРХӨД МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОХООР БОЛЛОО

2018 оны 11-р сарын 30, 00:00

 Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаан 11-р сарын 12-ны өдөр хуралдаж, өнгөрөгч долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд гадаадын улс орнуудаас,  олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн хандив тусламжийн мөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанаар хандивын дансанд байгаа үлдэгдэл 170,9 сая төгрөг, гадаадын улс орнуудаас ирсэн 415 мянган доллар, нийтдээ 1 тэрбум 223 сая төгрөгийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хуваарилсан.

Үүний  510 сая төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200 сая төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж болгон олгоход, 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжилтийн зардалд, 25 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар шийдвэрлэж, үүнээс 200 сая төгрөгийг Өлгий сумын үерт нэрвэгдсэн иргэдэд хууль журмын дагуу, ил тод шударгаар олгох ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият ахалж, гишүүдээр ИТХ-ын тэргүүлэгч Д.Сараа, төлөөлөгч Х.Холганат, төлөөлөгч Е.Зангар, төлөөлөгч Мүпти, төлөөлөгч Р.Төлеу, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Засаг дарга Х.Бахытхумар, Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай нар орсон билээ.

 Тэрээр ажлын хэсэг байгуулагдсанаас удаа дараа  хуралдаж үерийн гамшигт өртсөн нийт 973 өрхийн хохирлын хэмжээг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг Төрийн банкаар дамжуулан олгохоор тогтоосон байна.

 Үүнд: Их хэмжээний хохирол амссан 306 өрхөд тус бүр 300 мянган төгрөг, үлэмж хэмжээний хохирол амссан 274 өрхөд тус бүр 220 мянган төгрөг, Бага хэмжээний хохирол амссан 393 өрхөд тус бүр 122 мянган төгрөг олгохоор тус тус комиссын шийдвэрээр тогтоож Төрийн банканд шилжүүлжээ.

 Иймд үерийн гамшигт өртөж  хохирол амссан  /973 өрхийн нэрсийн жагсаалтад орсон/ ард иргэд Төрийн банканд иргэний үнэмлэхтэйгээ очиж мөнгөн тусламжаа авна уу.

Н.Ерлан
2018.11.30