AЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

2018 оны 12-р сарын 04, 00:00

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан өчигдөр 10 цагт эхэлж 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Эхний өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16.2, 16.3 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн ИТХ-ын даргад өргөн барьсан Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан юм.

Үүний дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан танилцуулж, 2019 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарлах тухай тогтоолыг ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлуулав.

Мөн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг авч хэлэлцэж, Аймгийн Засаг даргын бүтэн жилийн тайланг сонсож хэлэлцсэн бөгөөд Төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилт явц, тухай онд аймаг орон нутагтаа хийгдсэн 51 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг үнэлж 87.7 хувийн биелэлттэй буюу “хангалттай” гэж дүгнэлээ.

Дараагаар нь Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2019 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх тухай саналыг сонсов.

Хурал 2 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хуралдааны ирц 61 хувьтай байна. Эрх баригч намын бүлгээс 23 төлөөлөгч, цөөнхийн бүлгээс 1 төлөөлөгч, нийт 24 төлөөлөгч аймгийн 2019 төсвийг хэлэлцэж байгаа юм. Харин ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр аймгийн 2019 оны төсөв хэлэлцэх үеэр хуралдааныг орхин гарсан. Тодруулж хэлвэл Ардчилсан намын бүлэг төсөв хэлэлцэж эхлээгүй байхад аймгийн 2019 оны төсвийн төсөлд бидний сонгогдсон тойрогт хөрөнгө оруулалтын мөнгө төлөвлөөгүй байна гэх шалтгаанаар гараад явсан юм. Гэвч аймгийн ИТХ-ын даргын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 03 өдөр Ардчилсан намын бүлэгт төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хуралдаанд оролцож 2019 оны төсөвт саналаа оруулж хөрөнгө оруулалт тусгуулах боломжтой гэсэн утгатай 1-01/483 тоот албан бичгээр хандсан боловч одоо хүртэл ирээгүй байна.

Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх ёстойгоос одоогоор 6 дахь асуудал буюу аймгийн 2019 оны төсвийн хэлэлцэж байна. Үүний дараа аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Ховд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай, аймгийн нутаг дэвсгэрийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай, аймгийн нутаг дэвсгэрт ойгоос бэлтгэх түлээний модны дээд хязгаарыг тогтоох тухай, аймгийн Соёлын үйлдвэрлэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Н.Ерлан
2018.12.04