САГСАЙ СУМД УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАНЫ ДЭМЖЛЭГЭЭР 125 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2018 оны 12-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Сагсай сумд УИХ-ын гишүүн Г.Солтаны дэмжлэгээр 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан 2 давхар цэцэрлэг шинээр баригдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Улсын төсвийн 1 тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд “Чандмань Уушир” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн юм.

Цэцэрлэгийн хувьд сумын төвийн халаалтанд холбогдсон, дотроо цэвэр бохирын системтэй, давхар вакум цонхтой, агааржуулагчтай, анги тус бүр усанд орох шүршүүртэй, хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа гаралгүй дулаан байранд ариун цэврийн асуудлаа зохицуулах зориулалтын 00-ын тасалгаатай байна.Мөн анги бүрт багш болон хүүхэд багачуудын юу хийж байгааг хянах хяналтын камер суурилуулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Сайсай сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Хонаев, Эрдэм цогцолбор сургуулийн захирал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч К.Еркегүл, Боловсрол соёл урлагийн газрын төлөөлөл, гүйцэтгэгч Чандмань Уушир” ХХК -ийн захирал Б.Мөнхсайхан, цэцэрлэгийн эрхлэгч Ө.Гүлгайым нар болон цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Тэрээр нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ: “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нэмэгдүүлэх тухай хэд хэдэн заалт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд тус аймагт 10 цэцэрлэг шинээр баригдаж байгаа ба үүнээс 5 нь ашиглалтанд орлоо. Энэхүү 125 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаев, К.Еркегүл нар удаа дараа надад зураг төсвийн хамт албан бичгээр оруулж ирсэн. Бид хамтран тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, салбарын яамд уламжилж, 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад тусгуулж чадсан. Энэ дашрамд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Г.Солтан, сумын удирдлагууд, АИТХ-ын төлөөлөгч С.Хонаев, К.Еркегүл нарт болон барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн “Чандмань Уушир” ХХК –ны хамт олондоо талархал илэрхийлье” хэмээлээ

Дараагаар нь эцэг эхийн төлөөлөл үг хэлж, олон жил шийдлээ хүлээсэн асуудлыг шийдвэрлэж өгсөн явдалд баярласан талархсанаа илэрхийлэв.

Ийнхүү бидний ирээдүй хүүхэд багачуудад зориулсан нэгэн сайхан бүтээн байгуулалт ашиглалтанд орж , эрдмийн шинэ өргөө үүдээ нээлээ.

Н.Ерлан

2018.12.06