АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 01-р сарын 08, 00:00

Өчигдөр аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм зэвсэг техник, барилга байгууламж, сургалт бэлтгэлээ сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлсэн хамт олны ажлуудыг онцлон танилцуулсан юм.

Улс орны бүтээн байгуулалтын ажил болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй тус анги нь байгуулагдсан цагаасаа хойш хугацаат цэргийн байрны өргөтгөлийг барьж, соёл, спортын төв, машин техникийн агуулах зэрэг олон бүтээлч ажил хийсэн байна. Өөрийн анги, хамт олны ажлуудаас гадна аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож яваагаа ч танилцууллаа.

Тодруулбал, Асгатын мөнгөний орд чиглэлийн 7.334 км зам, 72.85 метр төмөр бетон гүүрийн ажил, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын байр, албан хаагчдын орон сууц, Алтай, Толбо, Булган сумдын болон Цагааннуур тосгоны цагдаагийн кабоны барилга, Өлгий сумын 1-р бага сургуулийн спорт заалны барилга, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, 50 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг ажлуудаас эхлээд үйл ажиллагаа явуулах бүхий л орчныг нь цогцлохын төлөө хамт олноороо хичээн ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү орон нутгийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож, гүйцэтгэж буй ажлуудыг цаг хугацаандаа багтааж чанартай хурдан шуурхай хийж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд тодорхой хувь нэмэр оруулж яваа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олонд аймгийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, хүндэт өргөмжлөл хадгалуулан цаашид хамтран улам ихийг хийж хэрэгжүүлэх болно гэдгээ хэллээ.

Н.Ерлан
2019.01.08