АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2018 ОНЫ АЖЛАА ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАЛАА

2019 оны 01-р сарын 11, 00:00

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон ААН, байгууллагууд, иргэд олон нийтэд танилцууллаа.

Тус тайлангийн хурлын зорилго нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах замаар иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагааг сайжруулах, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахад чиглэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 2018 онд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргээ амжилттай биелүүлж, гэмт хэрэг зөрчлийг тодорхой хувиар бууруулсан байна.

Тухайлбал: Тодорхой төрлийн гэмт хэргүүдийг авч үзвэл Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 62 хэргээр буюу 56.8 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6 хэргээр буюу 50 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 8 хэргээр буюу 57.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас иргэд аж ахуй нэгжид 532.6 сая төгрөгний хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 289.6 сая төгрөгийн хохирлыг буюу нийт учирсан хохирлын 61.7 хувийг нөхөн төлүүлж, 135.6 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын учирсан хохирлыг барагдуулах, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, хөрөнгө битүүмжлэх, хамгаалах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлжээ.

Түүнчлэн нийт 10760 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2515 зөрчил буюу 23.3 хувиар өссөн нь гэмт хэргийг зөрчлийн шатанд илрүүлэх ажилд ахиц гарсныг харуулж байгаа хэмээн холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

Н.Ерлан

2019.01.11