САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН НАЧИН М.ӨЗГЕРИС ТҮРҮҮЛЛЭЭ

2019 оны 02-р сарын 03, 00:00

Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.

 
Нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис түрүүлэж, Цэнгэл сумын харьяат, Зост лагерийн бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэв.
 
Их шөвөгт Булган сумын харьяат аймгийн начин Б.Сундуй, Ногооннуур сумын харьяат сумын заан Т.Ардагер нар тус тус шалгарлаа.
 
Мөн Каусар ХХК-ны аймгийн цолонд ойрхон бөхөд олгох уламжлалт шагналыг аймгийн баяр наадмаар 2 удаа 4 давсан шилдэг сумын заануудын нэг Ногооннуур сумын харьяат сумын заан Т.Ардагер хүртлээ.
 
Цагаан сарын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааны үзүү түрүүг сүүлийн 6 жилийн байдлаар танилцуулбал 2013 онд А.х Б.Бекжан түрүү а.з М.Аманбек үзүүр, 2014 онд, А.н.н Ш.Сапар түрүү а.х Д.Бейбит үзүүр, 2015 онд, А.з М.Аманбек түрүү а.х Б.Төмөрбаатар үзүүр, 2016 онд, А.з С.Бат~Үүл түрүү а.з М.Аманбек үзүүр, 2017 онд, А.з М.Аманбек түрүү а.х Д.Бейбит үзүүр, 2018 онд, А.х Б.Төмөрбаатар түрүү а.з М.Аманбек үзүүрлэж байсан.
 
Н.Ерлан
2019.02.03