АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2019 оны 02-р сарын 04, 00:00

 Эрхэм хүндэт ард иргэд ээ

Баян-Өлгий аймагт амьдран суугаа казах, урианхай, дөрвөд,  тува ахан дүүс ээ!

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Билгийн тооллын XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил Баян-Өлгий аймгийн хувьд их бүтээн байгуулалт хийгдсэн үйл явдлаар баялаг, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. 

Тухайлбал: Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 онд 85 хувиар биелж 21 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн бол 2018 онд үйл ажиллагааны хөтөлбөр 88 хувиар биелэгдэж, 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ.

Татварын орлогын төлөвлөгөө 1.1 тэрбум төгрөгөөр давж 115 хувиар биелэгдсэн нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 100 сая төгрөгөөр буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 92 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 21,1 хувиар нэмэгдлээ.

2018 онд аймгийн хүн амын тоо 2 мянгаар өсч 103.6 мянгад хүрсэн. Эдийн засгийн гол үзүүлэлт болох аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 348.3 тэрбумд хүрч 2017 оныхоос 5.7 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ нь 3,361.6 мянган төгрөгт хүрч 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд нүдэнд харагдахаар бодит бүтээн байгуулалтын ажлуудыг хийх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа ба иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бодлогын хүрээнд Өлгий суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Дэлүүн суманд 150 хүүхдийн дотуур байр, Сагсай суманд 125 хүүхдийн цэцэрлэг, барьж эхлүүлэн нийт 10 цэцэрлэг, 4 сургууль, дотуур байр, 3 эмнэлэг шинээр баригдаж эхлэн заримыг нь ашиглалтад хүлээн аваад байна.

Мөн дэд бүтэц, зам харилцааг сайжруулах зорилтын хүрээнд Толбо-Хашаатын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлж, Өлгий хотод 10.4 км хатуу хучилттай авто зам болон явган хүний зам, гэрэлтүүлэг, сумдын чухал шаардлагатай гүүр, зуслангийн замуудыг засах ажлууд хийгдлээ.

Түүнчлэн боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хоёр хөтөлбөрийг шинээр батлуулан Засаг даргын нэрэмжит шалгалт авч ажилласнаар тодорхой үр дүнд хүрч элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр сүүлийн 26 жилд гараагүй амжилтыг үзүүлж улсын хэмжээнд 3 байраар урагшиллаа.

2019 онд ч шинээр 100 ортой Нэгдсэн эмнэлэг, Цэвэрлэх байгууламж, Босоо тэнхлэгийн авто замын ажлын хүрээнд Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 19.5 км хатуу хучилттай авто зам, 170 метр төмөр бетон гүүр, аймгийн хэмжээнд 10 сургууль, цэцэрлэг, мөн 3 суманд Соёлын төвийн барилгыг барихаар болсон юм.

Иймд Морилон ирж буй “Урвуулагч” хэмээх “Шороон гахай жил”-дээ  айл өрх бүр аз жаргалтай,  элэг бүтэн, иргэн бүр олз омогтой байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Шаған мерекелеріңіз құтты болсын!

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  А.ГЫЛЫМХАН