Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга З.Болат, Автотээврийн төвийн дарга Т.Сайдолда, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч И.Байдол нар Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Ховд голын 200метр төмөр бетон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажилтай танилцлаа.
Өлгий хотыг тойрч гарах зам, гүүрийн ажлыг Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотгор Зам”, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” компаниуд гүйцэтгэж байгаа юм.
Харин олон жил тендерийн маргааны улмаас гацаад байсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр БНХАУ-ын “Лонгжан Роуд энд Бридж” компани техник хэрэгсэлээ татан авч, угсарч ажлаа эхлүүлэхээр бэлэн болсон байна.
Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажилчдыг коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамруулах, битум, арматур, цемент зэрэг барилга угсралтын ажилд нэн шаардлагатай материалуудыг татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж хамран ажиллахыг хүслээ.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ажлын явц байдалтай танилцан, бүтээн байгуулалтын үйл явц эрчимтэй сайн явагдаж байгааг дурдаж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Мөн орон нутгаас ажиллах хүчин авч ажиллуулахыг санал болгож, зам, гүүрийн ажлыг гүйцэтгэж буй ажилтнуудыг коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар боллоо.
Дээрх бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдсэнээр Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн утгаар хэрэгжиж, Баян-Өлгий аймаг Азийн авто замын нэгдсэн сүлжээнд холбогдох юм. Энэ нь тус аймгийг ОХУ болон БНХАУ-ыг холбосон эдийн засаг, аялал жуулчлал, авто тээврийн коридор болгохоос гадна аймгийн түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээж байгаагаараа онцлогтой.
Н.Ерлан
2021.04.13