Ирэх онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Архивын тасаг шинэ байртай болно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.23/ Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Албан томилолтынхоо хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын ажилтан, алба хаагчидтай ХДТ-т уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэтгэл түүнийг хэрэгжүүлэхэд чиг үүрэг бүхий байгууллагууд ямар үүрэгтэй оролцох, харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар тодорхой мэдээлэл хийв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ: Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш орон нутаг дахь анхны томилолтоо Говь-Алтай аймгаас эхлүүлсэн, өчигдөр Ховд аймагт, өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгуудад ажиллах үеэр Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Архивын тасгийн хамт олонтой уулзаж, ажлын нөхцөл байдалтай нь танилцаж, тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр шийдвэрлэх, хууль зүйн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хүргэх, алба хаагчдынхаа ажиллпх нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.
Мөн “Ковид-19” цар тахлын халдварын улмаас улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа ч Засгийн газар эдийн засгаа сэргээх бодлого баримтлан ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны санал болгосны дагуу эхний ээлжинд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Музей дотор үйл ажиллагаа явуулдаг Архивын тасгийг стандартын шаардлага хангасан шинэ байртай болгоно, зардлыг нь ирэх буюу 2022 оны төсөвт тусгана” гэв.
Үүний дараа Улсын бүртгэлийн хэлтэст Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын хамтран хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” төслийн хүрээнд суурин компьютер, олон үйлдэлт принтер, хурууны хээ уншигч, зургийн аппарат гардууллаа.
Үүнээс гадна аймгийн Цагдаагийн газарт албан хэрэгцээнд нь зориулан “УАЗ-Фургон” маркийн автомашин, 2 мотоцикл, нэр бүхий зарим алба хаагчдад “Өргөө цагаан гэр” олгож, аймгийн Прокурорын газарт албаны авто машин өгөхөөр болов.
Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг салбарын болон харьяа байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Дараагаар нь зарим байгууллагаар орж ажил байдалтай нь танилцлаа.
Н.Ерлан
2021.05.23

You May Also Like