МОНГОЛ ЭР ХҮНИЙ ХИЙМОРЬ ХААНА Ч ОЧСОН ГАНДАЖ ГУНДДАГГҮЙ
Атга шороо нь эгэл цэргийн амины үнэтэй
Алганы хээнд орших алтанхан эх орон минь … хэмээх мөртүүд уянгалаг бөгөөд бахархам сонсогдоно. МУ–ын баатар Д.Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0165 дугаар ангийн Соён гэгээрүүлэх албаны Соёл сурталчилгааны ахлах офицер, ахлах дэслэгч Даландаваагийн Гэгээнбаярын Монгол цэргийн өдөрт зориулан Баян–Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа энэ сарын 17-ны 18:00 цагт тоглогдох “Алганы хээ шиг эх орон” уран бүтээлийн анхны бие даасан тоглолтын бэлтгэл хийгдэж байгаа нь тэр аж. Биднийг театр луу ороход нийт уран бүтээлчдэдээ дараагийн бэлтгэл яг цагтаа шүү, цагаа бариарай, цаг бол алт шүү гэж хэлж байгаа нь сонстов. Яг товлосон цагтаа бид уулзав. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
Сайн уу. Гэгээнээ? Яг товлосон цагтаа уулзлаа шүү. Цаг сайн баримталдаг юм аа даа?
Харин тэглээ. Ер нь цаг баримтлахыг тун хичээдэг шүү.
Цаг баримтлах ч сайн чанар шүү. Та хэр зарчимч вэ?
Хэт туйлшрахыг, бас хатуу байхыг хүсдэггүй. Гэхдээ өөрийнхөө зөв гэсэн байр суурин дээр бол бат зогсож, өөртөө би болгосон зарчмуудаасаа нэг их зөрөхийг боддоггүй.
Тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд дуусаж байх шиг байна. Бэлтгэл нь хэр хангагдаж байна вэ?
Тоглолтын бэлтгэл ажилдаа орчихсон тун завгүй л өдрүүд өнгөрч байна. Бэлтгэл 80 хувьтай явагдаж байна. Анхны уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа учраас өндөр ач холбогдол өгч, үзэгч түмнээ дуу хуураар бялхаасан, цалгиасан, амьд хөгжимтэй, эрч хүчтэй нэгэн үдшийг бүтээхээр зорин ажиллаж байна.
Тоглолт нэлээн олон хүний бүрэлдэхүүнтэй болох шинжтэй харагдаж байна шүү?
Тийм шүү. Миний тоглолтыг дэмжиж маш олон байгууллагууд хамтран оролцож байна. Монгол цэргийн өдрийг угтан хийж байгаа учраас аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штаб, Хөгжимт драмын театрын хамт олон, МУ-ын баатар Д.Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0165 дугаар анги, Хилийн 0285 дугаар анги, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудын уран бүтээлч залуус тоглолтыг маань дэмжиж ажиллаж байна. 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно.
Таны анхны уран бүтээлийн тоглолт уу. Тоглолтын онцлогоос дурдахгүй юу?
Тиймээ. Анхны уран бүтээлийн тоглолт болоод ч тэрүү бага зэргийн догдлол сандралтай байгаа. Тоглолт маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Мэдээж хамгийн эхэнд Монгол ардынхаа сайхан уран бүтээлүүдээр, хоёрдахь хэсэгт аав ээж, нутаг усныхаа тухай, гуравдахь хэсэгт нь цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээлүүдээр үзэгч түмэнтэйгээ учран золгох гэж байна. Би мэргэжлийн сургууль төгссөнөөсөө хойш Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад 8 жил ажиллаад одоогийн энэ ангидаа шилжин томилогдож ирээд 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн уран бүтээлүүдээ ч хийсээр байгаа. Казах үндэсний домборын чуулгатайгаар монгол түмнийхээ сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ хүргэнэ. Тоглолтоороо амьд хөгжмийн хөг эгшгийг мэдрүүлж, үзэж буй үзэгчдэд эх орноороо бахархах сэдлийг төрүүлсэн, хэрэв цэргийн насны залуучууд үзэж байвал эх оронч үзлийг нэмэгдүүлсэн, огшоосон тоглолт байлгахаар хичээж байна даа. Тиймээс уран бүтээлийнхээ дээжсээс Монгол Цэргийн өдөрт зориулан толилуулахаар зориод бэлтгэл ажлуудаа хангаад явж байна даа.
Мэдээж дуу бүхэн хүний дотоод сэтгэлээс л урган гардаг байх. Таны хамгийн анхны уран бүтээл юу байв. Хэрхэн бүтэж байв?
Би Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн л дөө. Сумынхаа сүлд дуу болох “Бидний бахархалт Бөхмөрөн” гэж дууг шүлгийг нь бичиж, аяыг нь хийж байлаа. Энэ дуугаа траллейбусанд сууж явахдаа зохиочихож билээ. Нэг удаа манай нутагт холоос адуу гүйж ирсэн тухай нутгийн маань ах ярьж байсныг бодож яваад гэнэт л … Нутгаа санасан хүлэг тоостойгоо эргэж ирдэг
Нуурын шувууд Мөрөнд минь эргэж чуулдаг
Алтайн нөмөрт эрхэлсэн өвгөдийн минь нутаг
Ачит нуур, Асгат хайрхан, Хөгшин овоот бидний бахархал … гээд л мөртүүд шууд ороод ирсэн. Тэр дор нь бичиж тэмдэглэж аваад дараагийн бадгуудыг зохиож бичээд ая хийж байлаа. Нутаг усаа дотроо бодож санаад бичиж байгаа болохоор аялгуу нь ч, шүлэг нь ч сэтгэлээс урсаад л гараад ирсэн дээ. Түүнээс би яруу найрагч, шүлэгч хүн биш шүү дээ. Хүний төрсөн нутаг гэдэг үргэлж зүрхэнд уяатай, сэтгэлд холбоотой явдаг болохоор тэр биз. Одоо тэр дуу маань нутгийн ард түмнийхээ дуулах дуртай дууны нэг болсон. Түүний дараа аав ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж “Бурхан заяат аав ээж хоёр минь” дууг хийж байсан. Миний Монгол, Дайчин эрчүүд, Алганы хээ шиг эх орон, Хань минь зэрэг бүтээлүүдэд аялгууг хийсэн байна. Тун удахгүй уран бүтээлүүдээ орчин үеийн хөгжмийн найруулгатайгаар бичүүлж, клипжүүлэн олон түмэндээ хүргэхээр төлөвлөж байна.
Тоглолтоо яагаад Алганы хээ шиг эх орон гэж нэрлэсэн бэ?
Хүний алганд эх орон тэр чигээрээ багтдаг гэж би боддог. Учир нь хүний гарын алганд маш олон зураас байдаг шүү дээ. Тэр болгон нь монгол эх орны минь уул ус, гол горхи юм. Тийм ч учраас алганы хээг эх оронтойгоо зүйрлэсэн юм гэж шүлгийн зохиолч маань надад хэлж байсан. Мөн энэ дуунд Атаат дайснууд амталж хэзээ ч чадахгүй, Алганы хонхорт орших нандинхан эх орон минь гэж мөр бий. Харахад ойр боловч хазахад хамгийн хол зүйл бол хүний гарын алга байдаг. Тэр ч утгаараа ийм нандин эх орныхоо сөөм ч газрыг нь хүртэл хайрлах ёстой гэсэн санааг энэ дуунд тод томруун илэрхийлсэн нь сэтгэл зүрхэнд их хүрсэн учраас тоглолтоо ийн нэрлэсэн юм.
Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Таныг бага байхад гэрийнхэн тань лам болгоно гэж их ярьдаг байсан гэсэн. Лам болох гэж байсан хүн яагаад урлагийн хүн болчихов оо?
(Инээв.) Би багадаа их даруухан дөлгөөхөн, лам болохоор шинж төрхтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Бидний аав ээжийн үед чинь шарын шашныг ихээхэн шүтдэг, залбирч мөргөдөг байсан шүү дээ. Тэгээд ч тэр юм уу, аав ээж хоёр минь намайг л лам болгоно гээд шийдчихсэн байсан. Гэтэл би багаасаа дуулах дуртай, лам болох тун дургүй, хониныхоо бэлчээрт, морин дэл дээрээ дуулаад л явдаг хүүхэд байлаа. Сургуулийнхаа урлагийн үзлэгт ч анги хамт олноо төлөөлж байнга оролцдог, сүүлдээ дуулах их хүслийг минь ойлгосондоо ч тэр юм уу, лам болгоно гэж ярихаа больсон юм. Миний ээжийн хамгийн бага эрэгтэй дүү Д.Гансүх гэж миний нагац ах бий. Тэр хүн намайг дуучин болгоно гэж зориг шулуудан Увс аймгийн Бөхмөрөн сумын 8 жилийн сургуулийг төгсгөөд, Улсын тэргүүний 13 дугаар сургуульд шилжүүлэн суралцуулж, Монголын Хүүхдийн ордны дууны дугуйланд сургаж байсан нь өнөөдрийн намайг бүтээх эхлэл болж байсан. Миний хүсэл мөрөөдлийг ойлгож хамгийн их дэмжиж, урлагийн хүн болох эхлэлийг минь тавьж, гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн нагац ахдаа туйлын их баярлаж, бахархаж, үлгэрлэж явдаг аа энэ дашрамд илэрхийлмээр байна. Хамгийн сонин нь намайг урлагийн хүн болгосон нагац ах минь сүүлд өөрөө лам болж аав ээжийн минь хүслийг биелүүлсэн байдаг юм. Одоо Улаанбаатар хотод Гандантэгчилэн хийдэд ажилладаг.
Таныг бага байхад аав ээж нь бурхан болсон гэж сонссон. Аав ээжийнхээ тухай дурсаач?
Тиймээ. Намайг 10 настай байхад аав ээж хоёр минь их залуудаа хорвоогийн мөнх бусыг үзсэн байдаг. Миний аав Бөхмөрөн сумын уугуул Түвдэнгийн Даландаваа гэж сайхан хүн байсан. Сумынхаа хамгийн анхны Улсын аварга малчнаар тодорч байсан маш хөдөлмөрч хүн. Миний ээж мөн л тус сумын уугуул, тухайн үедээ нэгдлийн аварга ажилтан, анхны Алтангадас одонг хүртэж байсан хүн байдаг. Ээж маань 39 хөн насандаа, аав минь 49 насандаа бурхны орныг зорьсон. Манай аав ээж 9 хүүхэд төрүүлсний би 7 дахь хүүхэд нь. Хамгийн бага дүү минь гуравхан сартай үлдэж байсан. Би бол ээжийгээ одоо сайн санадаггүй. Зургийг нь хараад л миний ээж ийм хүн байж дээ л гэж боддог. Аавыгаа бол ямар хүн байсныг санадаг. Хэдийгээр аав ээж хоёр минь их залуудаа бурхан болсон ч гэсэн улс орондоо хийх бүтээх зүйлээ хийчихээд, гавьяа шагналаа хүртчихээд явсан болхоор нь ихэд бахархдаг. Ийм сайхан хүмүүсийн үр хүүхдүүд бид одоо алдах эрхгүй, аав ээжийнхээ нэр төрийг өндөрт өргөж л явахыг хичээдэг. Тэнгэрээс хараад үргэлж тэтгэж ивээж явдаг учраас бидний амьдрал сайхнаар өрнөж байгаа байхаа л гэж бодож, залбирч явдаг даа.
Их багадаа аав ээжээсээ хагацжээ. Гэхдээ аавынхаа ямар зан чанарыг илүү тод санадаг вэ. Одоо таны амьдралд яаж нөлөөлж байна?
Миний аавыг их сайхан хүн байсан гэж ахан дүүс, нутгийн олон ярьдаг л даа. Миний мэдэх аав бол хэзээ ч хүнд үгүй гэж хэлдэггүй. Бүх зүйлийг болгохын төлөө, бүтээхийн төлөө зүтгэдэг байсан чанарыг нь би санадаг. Хүн юм гуйхад өөртөө байхгүй байсан ч өрөөлөөс бий болгоод бүтээгээд өгдөг. Сэтгэл нь их дүүрэн сайхан хүн байсан. Тэр зан чанар нь надад бас байдаг юм болов уу гэж боддог.
Эр хүний тухай таны бодол. Цөөн үгээр илэрхийлээч?
Манай эрчүүд ер нь их гүндүүгүй, тайван, дөлгөөн зантай байдаг шүү дээ. Монгол эрчүүдийнхээ тэр сайхан зан чанарыг Энхийг сахиулах үйл ажиллагаанд явахдаа л их мэдэрч, эр хүн, эх орноороо ихэд бахархаж байлаа. Монгол эрчүүд тэр үйл явдал өрнөж буй халуун цэг дээр атгасан гар шиг нэгдэж, бие биесээ ойлгож, түшиж ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай. Монгол цэргийн сүр хүч бол дэлхийд хамгийн гайхалтай нь юм байна аа гэдгийг л мэдрээд, бодитоор хараад ирсэн дээ. Монгол эр хүний хийморь гэдэг бол дэлхийн хаана ч очсон улам сэргэнэ үү гэхээс ямар ч үед гандаж, гунддаггүй босоо байдаг юм билээ. Эр хүн шиг эр хүн байна гэдэг хэцүү, эр хүн шиг эх орноо хамгаална гэдэг бүүр хэцүү. Хичээж л явна даа.
Ингэхэд ажлын анхны гараагаа хаанаас эхэлж байв?
Би СУИС-ыг 2006-2011 оны хооронд Найрал дууны удирдаач мэргэжлээр суралцаж төгссөн. Тухайн үедээ Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад дуучин шалгаруулж авахад нь шалгуулж тэнцээд анх ажилд орж байлаа. Энэ сайхан байгууллагадаа ажиллаад монгол эх орныхоо 21 аймаг, сумдуудаар тойрон цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээлүүдээ дуулж, байгууллагаа сурталчилан ажиллаж байлаа. Тус байгууллагадаа 8 жил ажиллаад эх орныхоо баруун хязгаар, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид шилжин ирсэн байдаг юм. Миний хань бас цэргийн хүн. Хань минь Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажилладаг. Бид хоёр 3 жилийн турш нэг нь хотод, нөгөө нь баруун хязгаарт амьдарсан. Мэдээж залуу гэр бүл бие биенээсээ хол амьдрах бэрхшээлтэй учраас Өлгий нутагтаа амьдрахаар шийдээд шилжин томилогдсон байдаг.
Хилийн цэрэгтэй яаж холбогдов?
Нэг удаа аймгийн төвд болж буй баярын үйл ажиллагаан дээр дуулахаар очсон юм. Тэгтэл тэнд хүчний байгууллагуудын бүх дарга нар оролцсон байсан. Тоглолт дууссаны дараа Хилийн 0165 дугаар ангийн тухайн үеийн захирагчаар ажиллаж байсан хурандаа н.Мөнхбат гэж хүн дуудаад хил хамгаалах байгууллагад ажиллах сонирхол бий эсэхийг минь асуусан байдаг. Удалгүй 2018 онд МУ-ын баатар, Д.Намнагийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, 90 жилийн түүхтэй Хилийн 0165 дугаар ангидаа ажилд орж байлаа. Хилийн алба гэдэг бол туйлын бахархалтай, нэр хүндтэй алба гэж би боддог. Бид өнөөдөр амар амгалан тайван сайхан амьдарч буй минь хилчдийн минь гавьяа юм. Ялангуяа хилийн застав, хилийн харуулд ажиллаж буй алба хаагчдынхаа сэтгэлзүйг дэмжих, тэдэнд соёл урлагаар үйлчлэх, соён гэгээрүүлэх нь бидний ажлын гол цөм. Тийм ч учраас шинэ шинэлэг уран бүтээл, түгэн дэлгэрч буй шинэ соёл боловсролыг тэдэнд цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаадаа туйлын их сэтгэл хангалуун байдаг.
Зэвсэгт хүчнээс шилжиж ирсэн хүнд мэдээж хил хамгаалах байгууллага өөр л санагдаж байсан байх. Хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрж байв?
Бид урлаг уран сайхнаар үйлчилж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд хилийн заставууддаа ажилладаг. Хилийн заставт очиход алслагдсан газарт амьдардаг манай хилчид хотын соёлоос нэг алхам хоцорсон, тог цахилгааны асуудал бүрэн шийдэгдээгүй, интернэт орчин байхгүй, амьдрах байр сууц, түүнчлэн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн сурч хөгжих орчин нэн шаардлагатай байсан. Үүнийг манай тухайн үеийн захирагч хурандаа Х.Гантулга соргогоор мэдэрч, хилчдийн нийгмийн асуудлыг бодитойгоор дэмжих зорилтын хүрээнд ангийн төв болон хилийн заставт цэцэрлэг бий болгох ажлыг эхлүүлж байсан. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаж, бүх хилийн заставуудад цэцэрлэг тохижуулах ажлыг гүйцэтгэх үүргийг өгсөн. Тухайн үед алба хааж байсан цэргүүд дунд зураач, мужаан гээд маш гарын ур дүйтэй цэргүүд олон байсан учраас тэдний хамтаар цэцэрлэг тохижуулах ажлаа маш амжилттай гүйцэтгээд ирж байлаа. Одоо ангийн төв дээрх цэцэрлэг маань улсын 22 дугаар цэцэрлэг болоод үйл ажиллагаа нь өргөжөөд явж байгаа. Энэ нь хилчид бидний нийгмийн асуудлыг шийдсэн томоохон ажлын нэг болсонд маш их баяртай байдаг. Цэцэрлэгээ тохижуулж байхдаа би маш их дуулдаг байлаа. Хамт ажиллаж байсан цэргүүд маань та яагаад байнга дуулаад байдаг юм бэ гээд асууж билээ. Хүүхэд байх орчин бол хамгийн гэгээлэг, маш сайхан энерги сайтай байх ёстой, дуу хуур байгаа газар сөрөг энерги тогтдоггүй учраас дуулж байгаа юм аа гэж хариулж байлаа.
Таны хувьд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсруу Энхийг сахиулах үйл ажиллагаанд яваад ирсэн шүү дээ. Тэндэх нөхцөл байдал бол хэцүү байх. Албаа амжилттай хаагаад эх орондоо ирсний дараа яг юу бодогдож байсан бэ?
Ийм сайхан амар амгалан, энх тайван, эрх чөлөөт эх оронд төрснөөрөө л өөрийн эрхгүй бахархаж, омогшиж онгоцноосоо бууж байсан. Энхийг дэмжих үйл ажиллагаа бол аавын хүү болгоны л явахыг хүсдэг бахархалтай алба гэж би боддог. Анги хамт олныхоо дэмжлэгтэйгээр шалгараад тус ажиллагаанд яваад үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэндээ баярладаг. Судан улс дахь нөхцөл байдлыг хараад өөрийн эрхгүй л эх орноо санагалздаг, мөн монгол цэргийн сүр хүчээр ихээхэн бахархсан. Тийм ч учраас үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хэд хэдэн уран бүтээл хийсэн байдаг. Үүний нэг нь Дайчин эрчүүд, Монгол цэргийн хийморь, Алганы хээ шиг эх орон зэрэг дуунууддаа аялгууг нь хийсэн. Уран бүтээл хийх хүсэл минь илүү их хөглөгдөөд ирсэн шүү.
Энхийг сахиулах ажиллагаанд явах хүртлээ ханийнхаа ээжийг асарч өргөж байсан гэж сонссон юм байна?
Багаасаа аав ээжийн хайрыг эр биед хүртлээ мэдэрч өсөөгүй болохоор ч тэрүү хадам аав ээжтэйгээ сайхан харилцаатай байж, төрсөн хүү шиг нь л хайрлахыг хичээдэг. Би их азтай эр хүн шүү. Надад сайн хань, сайн хадам аав ээж заяасан. Аав ээжийн хайрыг энэ хоёр буурлаасаа л мэдэрч байсан даа. Энхийг дэмжих ажиллагаанд явахын өмнөхөнтэй ханийн минь ээж хүндээр өвдсөн. Тэр үед ханьтайгаа, ахан дүүстэйгээ хамт хөл дээр нь босгох гэж бид их хичээсэн тэмцсэн. Ажиллагаанд явах хүртлээ сахиж асарч байлаа. Ээж маань ярьж чадахгүй болсон байсан учраас бичгээр харилцаж байсан л даа. Намайг явах болоход “Ээж нь хүүдээ гомдохгүй, эх орон дуудаж байхад цэргийн хүн явалгүй яахав, санаа зоволгүй албаа хаагаад ирээрэй, ээж нь эргээд ирэхэд нь эдгээд хүлээж байя” гэж хэлж байсан. Би ч явсан, удалгүй ээж маань бурхан болсон мэдээг дуулаад маш их харамсаж байлаа. Яг ийм үед дэргэд нь эр нөхөр нь байхгүй, ээжийгээ алдчихсан, нялх балчир хүүхдүүдтэйгээ үлдсэн ханийгаа л хамгийн их өрөвдөж хайрлаж байлаа. Гэхдээ амьдралыг сөрж л туулж давдаг болохоор хань минь даваад л гарсан байдаг. Хүрээд ирэхэд уйтгар гунигаа ардаа үлдээчихээд үр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөөд хүлээгээд сууж байсан ханийгаа үнэхээр их хайрлаж, хүндэлж явдаг шүү. Миний хань их сайн эмэгтэй бий.
Сайн сайхан яваа эр хүний ард эхнэр хүн бий гэдэг. Та ханийнхаа ямар зан чанарт их татагддаг вэ?
Миний хань бол амьдралынхаа хамгийн сайн менежер. (Инээв) Одоо ч миний тоглолтын маань ерөнхий менежрийн ажлыг гүйцэтгээд явж байна. Бид ханилаад 12 жилийг үдсэн байна. Хоёр сайхан хүү, нэг хөөрхөн охинтой. Жаргалтай, зовлонтой бүхий л цаг хугацаанд жинхэнэ миний түшиг тулгуур болж байдаг. Зарим үед намайг ухааруулна, зарим үед намайг ирлэнэ хурцлана гээд бүх л зүйлийн минь ард миний хань л зогсож байдаг. Ингээд бодохоор ухаалаг зан чанарт нь л их татагддаг юм байна.
Залуу хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
Хөгжим бичих чадвараа илүү их хөгжүүлж, шинэ уран бүтээлүүдийг олноор гаргах, түүнийгээ хийхийн тулд орчин үеийн хөгжмийн дэвшилтэт техник технологууд, программууд дээр илүү сайн ажиллаж сурахыг түлхүү хичээж, энэ талаар судалж суралцаж эхэлж байна. Мөн ирээдүйн залуу үедээ бидний амьдарч буй эх орон газар шороо ямар их үнэ цэнээр олдож, бидэнд өнөөдрийн энэ их амар амгалан тайван байдлыг бий болгосныг уран бүтээл, хөг эгшгээр дамжуулан ойлгуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, нэмэгдүүлэхэд илүү сайн хичээж ажиллая гэж зорьж байна. Түүнчлэн чанартай сайн бүтээл төрүүлэхийн тулд анги байгууллага дээрээ дуу, дүрс бичлэгийн студи байгуулчих юмсан гэсэн хүсэл бий. Ер нь ажлын байран дээрээ хүн бүр хөгжиж байх ёстой гэж боддог. Зорьж, төлөвлөж буй зүйлүүд их бий. Бүх зүйл цаг хугацаа, боломж нөхцлөөс хамаардаг учраас ээлж дараалалтайгаар бүтнэ гэдэгт итгэдэг.
Эргээд тоглолтын сэдэврүүгээ оръё. Алганы хээ шиг эх орон тоглолтыг хүмүүс үзээд гарахдаа ямар зүйлийг ойлгож, мэдэрч аваасай гэж хүсч зорьж байна вэ?
Монгол Цэргийн өдөрт зориулан тоглолтоо хийж байгаа учраас асар их үнэ цэнэ, цус, хөлс урсаж олдсон энэ тусгаар тогтносон эрх чөлөөт улс монголоо үеийн үед хайрлаж, хамгаалж явах учиртай юм шүү гэдгийг л тоглолтоороо дамжуулан ойлгуулахыг хүсэж байна.
… Ямархан хэцүү заяаг туулан Монгол минь бүтэн үлдээ бол
Яруу алдраа сонсож амжаагүй хичнээн баатар үрэгдээ бол … гээд дуу байдаг шүү дээ. Энэ дууны үг их зүйлийг бодогдуулдаг. Хүн бүр эх орноороо бахархаасай, хайрлаасай л гэж хүсч байна даа.
Ярилцсанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.
Танд баярлалаа. Монгол улсын минь хил халдашгүй дархан байж, хилчдийн яруу алдар өнө мөнхөд бадарч байхын ерөөл өргөе.
Ярилцсан: Г.Анирмаа