Өлгий сумын төрийн өмчит ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ

Боловсролын чанарыг сайжруулах, түвшинг ахиулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/86 дугаар захирамжаар Өлгий сумын төрийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан юм.

Дээрх захирамж гарсантай холбогдуулан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, гишүүд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч Т.Нурлан, Нийгмийн хамгааллын улсын байцаагч С.Раушан, Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Б.Энхбаяр, Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Х.Берген, нарийн бичгийн дарга Боловсрол соёл урлагийн газрын мэргэжил арга зүйн нэгжийн дарга А.Еркегүл болон урилгаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Кеншилик нар оролцлоо.

Хурлаар ажлын хэсгийн ажиллах удирдамж, хяналт, шалгалтын хугацаа, анхаарах асуудлуудыг хэлэлцэж, шалгалтыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр дугаар сарын 01-ний хооронд хийж дуусган дүнг эргэн танилцуулахаар боллоо.

Ажлын хэсэг дараах чиглэлээр хяналт шалгалт явуулах юм.Үүнд

  1. Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудсын холбогдох хэсгүүд болон батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалин хөлсийг тогтоосон байдал
  2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хуудсын холбогдох хэсэгт,
  3. Эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, хэрэгжилтийг,
  4. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт,гэрээний хэрэгжилтийг ханган ажилласан байдал,
  5. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлын норм тогтоосон байдал,
  6. Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг цахим хуудас болон мэдээллийн самбар байрлуулах зэрэг хэлбэрээр суралцагч багш, ажилтан, иргэнд нээлттэй ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авсан эсэх
  7. Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг ил тод, нээлттэй цаг хугацаанд нь хэрэгжүүлсэн байдал
  8. Багш ажилтнуудын ажиллах нөхцөл нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулан, мөрдсөн эсэх, багш ажиллагсдын ажилласан жилийг зөв тооцож цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, урамшууллыг хууль дүрмийн дагуу тооцож олгосон эсэх
  9. Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлдэг даатгуулагчдыг нийгмийн даатгалд бүрэн хамруулж, гэрээгээр тохирсон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл бүрэн тооцож төлсөн эсэх
  10. 2018-2020 онуудын санхүүгийн хяналт шалгалт, аудитын байгууллагаас илэрч байсан зөрчлүүд, түүнийг арилгуулсан байдал, акт, албан шаардлагын биелэлт
  11. Сургуулийн менежмент, хэтийн болон жилийн төлөвлөгөө, сургуулийн зорилго, зорилтын хэрэгжилт,
  12. Сургалтын чанарт хийсэн дүн шинжилгээ, үр дүн, авсан арга хэмжээ,
  13. Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, нутгийн захиргааны байгууллагаас ирсэн бичиг баримтын хэрэгжилт,
  14. Хүний нөөцийн судалгаа, холбогдох бичиг баримт, багш ажилтныг авахдаа сонгон шалгаруулалт хийсэн эсэх
  15. Улсын, орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрөөр хэрэгжсэн хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилт
  16. Багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар хийгдсэн ажил
  17. Мэдээллийн ил тод байдал, багш, эцэг эхчүүдтэй хийсэн гэрээ, хийгдсэн үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн судалгаа
  18. Багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх , шийдвэрлэгдсэн байдал
  19. Сурагчдын хүмүүжил, төлөвшлийг сайжруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн
  20. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, зарцуулалт, бүтэц орон тоонд санхүүгийн хяналт, шалгалт хийх
  21. Хүүхэд, ажилтанд аятай нөхцөл бүрдүүлсэн эсэх
  22. Өргөдөл, гомдлын мөрөөр ажиллах юм.

You May Also Like