Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Найз байя” уриан дор нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.
“Найз байя” уриа нь хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Баярын үйл ажиллагаа хүүхэд, залуучуудын паркт зохион байгуулагдлаа.
Нэгдсэн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хабыл, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд аймгийн Засаг дарга А.Камелият нар нээж үг хэлж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан нар эх орныхоо ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ хүүхдийн баярын мэндийг хүргэж, нийт иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв.
Баярын үеэр сурлага, урлаг, спортоор өндөр амжилт гаргасан хүүхэд, багачуудад шагнал гардуулж, олон төрлийн үзвэр үйлчилгээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан юм.