Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, Ховд аймгийн Булган сумын нутагт Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож байна.
Эрх чөлөө, эх орны тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах зорилготой ийнхүү тус баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь 1940-1948 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн газар нутаг болсон байдаг. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Алтай сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Дээрх тулгаралтад оролцсон ахмад дайчдаас өдгөө 15 нь амьд сэрүүн байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Баян-Өлгий аймгийн ахмад дайчин Б.Сейлхан юм.
Мөн тус баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, ахмад дайчин Б.Сейлхан нар оролцож байна.