Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагаас Европын Холбооны санхүүжилттэй Хамтдаа Даван Туулъя төслийг Баян-Өлгий аймгийн Засаг даргатай Байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг нөхөн сэргээх, нэн эмзэг өрхүүд, эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, ариун цэврийн үйлчилгээний суурь хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тэгвэл энэхүү төслийн хүрээнд орон нутгийн удирдлагуудын тавьсан санал хүсэлтийн дагуу ДЗМОУБ-аас Өлгий сумын 13 багийн 150 өрхөд хүнсний тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж өрх тус бүрт гурил, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр, гоймон г.м зүйлүүдийг хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, АЗДТГ-ын НБХ-ийн дарга К.Бекжан нар оролцож, цар тахал тархсан энэ цаг үед дэмжлэг нэн шаардлагатай айл өрхүүдийг сонгон авч хүнсний тусламж үзүүлж байгаа Европын Холбооны улс, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, хүнсний багц өгөх ажлыг төслийн хамтрагчаар сонгогдон ажиллаж буй Эрхэмсэг тэмүүлэлт бүсгүйчүүд ТББ, Гэрэлт хөгжлийн тэмүүлэл ТББ болон сайн дурын идэвхитэн нарт талархал илэрхийллээ.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ
2021.04.29