УИХ-ын гишүүн Т.Аубакир, Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Толбо, Дэлүүн сумдад ажиллаж, тус сумдын ард иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр удирдлагууд аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, сүүлийн үед хийгдэж байгаа томоохон ажлууд, УИХ-ын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжыг танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хувиасаа хамтран тус сумын ард иргэдэд өвлийг өнтэй давахад зориулж Толбо суманд 21 тонн, Дэлүүн суманд 35 тонн малын хорголжин тэжээл олгов.
Мөн энэ үеэр удирдлагууд Дэлүүн сумын Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, УИХ-ын гишүүн асан А.Мурат, Соёлын Урлагийн газрын дарга К.Бекжан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Нурсауле, “Рысжан”ХХК захирал Х.Жанагавал, тус сумын удирдлагууд болон ард иргэдийн төлөөлөл оролцов.