Баян-Өлгий аймгийн багш нарын баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

   Орчин цагийн Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийн ойн баярын арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цомхон хүрээнд амжилттай зохион байгууллаа. аймгийн Засаг дарга Д.Бауыржан ёслолын арга хэмжээг нээж, ойн баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улс даяар эрдмийн өргөө үүд хаалгаа нээж, хонхны дуу дахин цангинаж, эрдмийн их үйлс дахин сэргэсэнд ард иргэдийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр багш нартаа хандан цар тахлын улмаас зайн сургалтад шилжсэн хугацаанд сурагчдын хоцрогдлын төвшинг тогтоож, түүнийг нөхөх томоохон үүрэг хариуцлага бидний өмнө байгааг сануулж үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан, нутаг орны хөгжлийн төлөө боловсролын салбарын нийт албан хаагчдыг үлгэрлэн, манлайлж ажиллахад уриаллаа. Мөн Засаг дарга өөрийн үгэндээ үндэсний онцлог бүхий тус аймагтаа олон жил шийдэгдээгүй ирсэн Хос хэлний сургалттай сургуулийн бага ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр боловсруулагдан, батлагдан гарч байгааг мөн энэхүү хөтөлбөрийг дагасан Хос хэлний сургалттай сургуулийн 2-5 дугаар ангийн монгол хэлний хичээлийн гарын авлага, дасгалын ном удахгүй багш, сурагчдын хүртээл болоход ойрхон байгааг онцлон дурдав. Баярын арга хэмжээ уламжлалт ёсоор тус салбартаа амжилт гаргасан багш, сурагч болон сургуулийг шагнан урамшуулах үйл ажиллагаагаар үргэлжилсэн бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд ЭЕШ-д улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлэн, аймагтаа эхний 5 байранд шалгарсан дараах сургууль тус бүрийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан, хамт олонд нь амжилт хүслээ.

Үүнд: Ш. Самат захиралтай ЕБ-ын Дарын сургууль, 1-р байр, 2сая төгрөг А.Естай захиралтай ЕБ-ын Эмпати сургууль, 2-р байр, 1,8 сая төгрөг Б.Бахытхан захиралтай ЕБ-ын Бастама сургууль, 3-р байр, 1,6 сая З.Жолаушыбай захиралтай ЕБ-ын Зайд сургууль, 4-р байр, 800 мянга Ж.Роза захиралтай Улсын ЕБ-ын 5 дугаар сургууль, 5-р байр, 500 мянга

Тус ЭЕШ-д 100%-ийн гүйцэтгэлтэй буюу 800 авсан дараах 7 сурагч, бэлтгэсэн 6 багш тус бүрд өргөмжлөл дурсган, мөнгөн шагналаар урамшуулав.

  • Англи хэлний хичээлээр Багдулетийн Даргер /Өлгий сумын 1-р сургууль/
  • Орос хэлний хичээлээр Талгатын Асем, Хазезийн Даяна,  / Бастама сургууль/,   Маратын Аймерей /Өлгий сумын 5-р сургууль/, Балапаны Ахмарал /Зайд сургууль/
  • Нийгэм судлалын хичээлээр Бэгзийн Золзаяа / 2-р лаборатори сургууль/
  • Химийн хичээлээр Хайрымын Анжела /3-р лаборатори сургууль/

Боловсролын салбарын цаашдын шинэчлэлийн олон талт бодлогыг бодитоор хэрэгжүүлэх үйлсэд та бид хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэхдээ таатай байх болно хэмээн Засаг дарга үгээ өндөрлүүлэв.

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.  

You May Also Like