АЙМГИЙН ТӨР, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЛЭЭ

              Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтыг өнөөдөр /2022.08.26/ аймгийн ЗДТГ-ын хурилын танхимд зохион байгууллаа.

            Тус дугуй ширээний уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ), аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн “Мянганы дэвшил” ТТБ тус үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. 

           Хэлэлцүүлэг, уулзалтад аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, ИТХ-ын мэргэжилтнүүд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кент болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд холбогдох хууль сахиулах болон бусад төрийн байгууллагуудын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 30 гаруй төлөөлөл оролцов.

Тэд жендэр болон жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хохирогч төвтэй хандлага зэрэг сэдвээр ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна, манай аймаг дахь гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, жендэрийн тэгш эрхийг хангах болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэх боломжуудын талаар мэдээлэл хуваалцаж, санал солилцлоо. 

               Мөн Дархан-Уул, Увс аймгийн төлөөлөл оролцож ИНБ-уудын сүлжээ байгуулан ажиллаж нөлөөлөл хийх болон төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллах чиглэлд хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцав.

              Түүнчлэн дугуй ширээний ярилцлагын үр дүнд хууль сахиулах байгууллага, хамтарсан баг болон эрүүл мэнд, боловсролын байгууллагаас ИНБ-тай түншлэх гурван чиглэлд түншлэлийн загвар гаргаж, төр-иргэний нийгмийн байгууллагууд хамтран цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. 

 

 

You May Also Like