Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү нараар ахлуулсан ажлыг хэсэг өнөөдөр /2022.09.19/ манай аймагт ажиллалаа.
Энэ үеэр тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Өлгий хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, төслийн хүрээнд барилга угсралтын ажил эхлүүлэн нээлт хийж, орон нутагт БХБЯ-аас хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллав.
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, ГХБХБГ-ын дарга К.Болат тэргүүтэй албаны хүмүүс хамгийн түрүүнд Өлгий сумд баригдаж буй “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Уг бүтээн байгуулалтын ажлыг “Агайын” компани гүйцэтгэж байгаа бөгөөд тус хөгжлийн төв нь нийт 3000м2 талбайтай. Дотроо хүүхэд залуучуудад зориулсан төрөл бүрийн сургалтын танхим, усан бассейн, урлаг, спорт заал, номын сан, хүүхдийн тоглоомын талбайтай аж.
Үүний дараа Өлгий хотыг тойруулан үерийн уснаас хамгаалах далан, суваг барих ажлын явцтай танилцав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Агайын” ХХК болон “Нью констракшн” компани ажиллаж байна. Үерийн далангийн барилга угсралт 80 хувьтай үргэлжилж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцууллаа. Мөн энэ үеэр гүйцэтгэгч компаниуд материалын үнийн өсөлт, цементийн хомсдолоос болж ажил удаашралтай байгаа талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.