Аймгийн удирдах ажилтнууд өнөөдөр /2022.12.09/ шуурхай хуралдлаа. Хуралдаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нар танхимаар болон цахимаар оролцов. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа.
Тус захирамжид иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, шуурхай шийдвэрлүүлэх, биелэлтийг хангуулах, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өдөр болгон шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мэдээллийг хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг үүрэг болгосон талаар танилцууллаа. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 214 дугаартай захирамжийг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг өдөр бүр нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаар танилцуулав.
Тус ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 25-ыг хүртэл тасралтгүй ажиллах юм. Энэ хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэн ажиллана.
Аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдийн өргөдөл гомдлыг тогтмол хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг 70424042 дугаарын утсаар авч болно.