ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИАЛГААР МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУДЛААЧДЫН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн судлаачдын баг манай аймагт 07 дугаар сарын 03-наас 4 хонгийн хугацаатай ажиллаж байна.

Хууль тогтоомж болон Захиргааны хэм хэмжээний актын системчлэл, арга зүй, тогтолцоо болон эрх зүйн актын ангилагчийг шинэчлэн батлах ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний орон нутгийн түвшинд эрх зүйн баримт бичгийн ангилалт, хадгалалт, боловсруулалтыг гүйцэтгэж буй бодит нөхцөл байдлыг  тодруулах, хууль ба захиргааны хэм хэмжээний актын эцсийн хэрэглэгч болох орон нутгийн иргэдийн эрх зүйн  мэдээлэл авч буй эх сурвалжийг тодорхойлох, үндсэн хууль ба захиргааны хэм хэмжээний актын ангиллыг хэрэглэхэд хялбар, ойлгомжтойгоор боловсруулахад шаардлагатай санал, зөвлөмжийг боловсруулах үндсэн зорилготой ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2022.07.04/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон бусад холбогдох албан тушаалтануудтай Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль эрх зүйн танхимын багш доктор Б.Оюунжаргал тэргүүтэй судлаачдын баг уулзаж фокус ярилцлага өрнүүлэв.

Фокус ярилцлагад аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, тус хэлтсийн мэргэжилтэн Ө.Тиянах, Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч Н.Ерлан, ИТХ-ын ажилтан А.Аршагүл, Прокурорын газрын прокурор Х.Өрен, Захиргааны хэргийн ерөнхий шүүгч З.Гүлбарша нар оролцлоо.

Фокус ярилцлагын үеэр орон нутгийн өөрийн онцлогт нийцүүлэн дотоод эрх зүйн актын ангилагч буй эсэх, орон нутгийн удирдлагын түвшинд шинээр захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад бусад хууль тогтоомжтой нийцлийг хангаж буй эсэхийг шалгах, тухайн эрх зүйн актыг батлах, бүртгэх, нийлэх, мэдээлэл лавлагаа дотоод журам зааврыг ашиглаж буй эсэх, орон нутгийн хэмжээнд хууль ба захиргааны хэм хэмжээний актын ангилал ямар байвал албан хэрэгцээнд нийцэх талаар холбогдох албан хаагчдаас тодруулав.

Түүнчлэн Legalinfo.mn сайтыг илүү баяжуулахад дээрх фокус ярилцлагад оролцсон албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль эрх зүйн танхимын багш доктор Б.Оюунжаргал: Энэхүү уулзалт ярилцлагад ач холбогдол өгч, идэвхтэй хамрагдаж, үнэтэй санал хүсэлт хэлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, хуулийн эрх зүйн акттай холбоотой номуудыг Засаг даргад гардуулж өгснөөр уулзалт өндөрлөв.

You May Also Like