“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний Баян-Өлгий аймгийн хувийн хэвшил, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, эко клубын багш нарын зөвлөгөөн аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт болов.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан, БОАЖЯамны ОБЗГазрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат болон салбарын удирдлага, төлөөллүүдээс бүрдсэн 300 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар 58 дугаар зарлигийг гаргаж улс орон даяар хөдөлгөөн өрнөж байгаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсч байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ. Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд гарч ирнэ. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатай гэлээ.
Уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2030 он гэхэд 20 сая мод тарих санаачлага гаргаж хөтөлбөр боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ- тай хариуцлагын гурвалсан гэрээг 2021.11.15-ны өдрийн ойн үндэсний чуулганаар үзэглэсэн юм.
2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан 2022 онд аймгийн төвд шинээр ойн зурвас байгуулах байршил тогтоож 114.5 га талбайд мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн төсвийн эх үүсвэрээс 2022 онд 563,300.0 төгрөгийн зардал, ИТХ-ын хуралдаанаар 214.300.0 төгрөгийн зардал батлуулжээ.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан зөвлөгөөнд оролцогчдод “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүд, төр хувийн хэвшил байгууллага болон иргэдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлоо.
Түүнчлэн “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг орон нутгийн иргэд, салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр Баян-Өлгий аймагт “ТЭРБУМ МОД” тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ болов.
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг доорх линкийг дарж харна уу
http://nature.bo.gov.mn/consultation-recommendations/
Зөвлөгөөний төгсөлд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг зарим албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа.