Өнөөдөр Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит 26 дугаар шуурхай хуралдаан болж, байгууллага агентлагуудын дарга нар болон сумын удирдлагууд цахимаар оролцлоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил зохион байгуулагдсан арга хэмжээний мэдээллийг сонсож, дараагийн долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.
Дараа нь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид болон зарим сумын засаг дарга нар мэдээлэл хийв.
“Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хаваржилт хүндэрч буй Булган сумд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман даргаар ахлуулж ХХААГ-ын дарга Б.Нургулан, ОБГ-ын дарга З.Азат, ЗДТГ-ын мэргэжилтэн Х.Алдаберген нар газар дээр нь ажилласан тухай танилцуулав. ХХААГ-ын дарга Б.Нургулан “Булган сумын өвс, тэжээлийн нөөцөд 100 тн өвс, 30 тн хивэг бэлтгэх ёстойгоос 50 тн өвс, 23 тн хивэг бэлэн байгааг хэллээ.
Мөн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Г.Амантай элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл болон, төрөлжсөн олимпиад зохион байгуулах талаар мэдээллэв.
Үргэлжлүүлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн газар зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөг танилцуулав.
Шуурхай хуралдааны төгсгөлд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед холбогдох байгууллагын удирдлагуудад энэ долоо хоногийн үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал:
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон УИХ гишүүн Т.Аубакир, Эрүүл мэнд сайд С.Энхболд нар манай аймагт албан томилолтоор ажиллахаар болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн танилцуулах мэдээлэл бэлтгэх, холбогдох байгууллагууд салбартаа тулгамдаж буй шийдвэрлүүлэх асуудал болон хүлээн авах бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо.
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, сумдын хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх,
- Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг бүх байгууллага агентлагуудын дарга нар ханган ажиллах,
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг ард иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, аймаг сумдын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцох зэрэг ажлуудыг үүрэг болголоо.