Аймгийн засаг дарга Д.Бауыржан Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзлаа.

Аймгийн засаг дарга Д.Бауыржан Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байна. Өчигдөр буюу 04 дүгээр сарын 5-ны өдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзаж  дараах асуудлыг ярилцав. 

Үүнд: Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станц барих газарт амьдарч буй 165 айлуудыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээр айл өрхөд нөхөн олговор олгох талаар ярилцжээ. Нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон биет бус өвийн хамаарлын тухай асуудал хөндөгдөж буй юм. Биет бус өвийн тухай хуулийн төсөл өнөөдөр /04.06 өдөр/ Засгийн газрын хуралдаанаар орж УИХ-д өргөн барих тухай шийдвэр гарах юм байна.

Мөн Дэлүүн, Баяннуур сумдын дотоод 0,4кв-ын ЦДАШ-ыг шинэчилж, СИП кабельд шилжүүлэх асуудлыг хөнджээ. Өнөөдрийн байдлаар 13 сумаас гуравхан сумын дотоод шугам шинэчлэгдэж, үлдсэн 10 сумын дотоод шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ ажлыг Дэлхийн банкны төсөлд хамруулж өгөх саналыг тавьсан байна.

Түүнчлэн аймгийн төвийн ард иргэдийн тоо нэмэгдсэн учраас захын хорооллын айл өрхүүдэд цахилгааны хүрэлцээ тааруу, аймгийн төвийн 6кв -ын сүлжээг 10 кв -д шилжүүлэх дэд станцуудын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.Өлгий сумын төвийн 8200 өрхийн 3000-д нь өдөр шөнийн хоёр тарифтай ухаалаг тоолуур тавигдсан .Үлдсэн 5200 өрхөд хоёр тарифт тоолуур тавьж өгөх хүсэлт тавин ажиллажээ.

Уулзалтын үеэр сайд Н.Тавинбэх Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Батзоригтад аймгийн засаг дарга Д.Бауыржаны хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

You May Also Like