“Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага Европын холбооны санхүүжилтээр Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, Ковид-19-ын сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг дэмжих “Хамтдаа даван туулъя” төсөл Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжиж 18 сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хаалтын арга хэмжээ зохион байгуулав.
Уг арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Майра, Дэлхийн Зөн Герман ОУБ-ын Зүүн Азийн Бүсийн төсөл хариуцсан Менежер хатагтай Анья Гоулд, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын гранти төслийн менежер Д.Болатбек, төслийн зохицуулагч Н.Байболат, бусад албаны хүмүүс оролцлоо.
“Хамтдаа даван туулъя” төсөл нь Коронавируст халдварын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулах, эмнэлгийн хяналтанд байгаа иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэд, эх, хүүхдийн эрүүл мэнд, өрхийн амьжиргаа, хүнсний шим тэжээлийн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжин Баян-Өлгий аймгийн хамгийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй айл өрхүүд хамрагдсан.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт нийт 3 эко жорлон, 20 өрхийн ариун цэврийн кабин шинээр барьсан, 150 өрхөд 4 удаагийн хүнсний багцын тусламж, гарын угаалтуур, стандартын усны сав, ариун цэврийн багцууд тараасан, 120 өрхөд жижэг дунд бизнес явуулахад шаардагдах багаж хэрэгслүүдийг тараасан байна.