ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАВ.

         Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2022 оны А/190 дүгээр захирамжаар тус аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2022 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

      Уг ажлын хүрээнд аймгийн төрийн болон зарим төрийн бус байгууллагууд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын бэлэн байдлыг шалгуулав. Команд штабын сургуулийн бэлтгэл ажлын бэлэн байдалтай Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед болон Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нар танилцлаа.

        Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

You May Also Like