КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

  Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.

  Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2022 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

  ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

   Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

   Команд штабын сургуулийн зарлан мэдээллийн дохиог маргааш хэдэн цагт өгөх нь тодорхойгүй бөгөөд Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль  4 дүгээр сарын 11-ний 00:00 цагаас 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд үргэлжлэх юм.

 Команд штабын сургуулийн үед аймгийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг  түр хугацаанд хориглолоо.

You May Also Like